Friday, December 28, 2007

Happy New Year (ABBA)

HAPPY NEW YEAR!

SHINE JILIIN MEND HURGIE



Minii neg naiz sayahan enehuu erooliig messengert yavuulsan yumaa. Ene saikhan erooliig blogyn anduuddaa bas ulamjlan yavuulya.
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай.

Monday, December 24, 2007

Merry Christmas and Happy New Year!

Миний бодлоо бэлчээж, хэд гурван өгүүлбэр холбон бичсэн зүйлийг минь уншин цаг зав гарган урмын үгээ харамгүй хайрладаг блогын андуудтай зул сарын болон шинэ жилийн мэнд хүргэе! Ирж байгаа 2008 онд санасан хүссэн бүгд нь ширхэг дараалан сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх, эв найртай, ариун сайхан сэтгэл нь сүүгээр бялхан, ард олондоо буянтай, ижий аавдаа элбэрэлтэй, блогын андуудаа олон сайхан урмаар мялаасан сайхан жил байх болтугай гэж ерөөе!

Thursday, December 13, 2007

Dalaid dusal nemer

Ганаагийнд орсон тань намайг магтаад би ичих шиг, ичсэндээ болоод буузаа бүхлээр нь амруугаа хийгээд амаа түлэх шахаад, буцаж гаргаад энгэртээ толбо тогтоолоо. Ер нь толбоо арилгахгүй ээ? Дурсгалтай. Бас би онгироод байх шиг ээ? Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг бас л үнэн үг шүү. Урам хайрладаг найз нартаа баярлалаа.
Бас нэг зүйл хуваацалмаар санагдаад зүйл ч гэждээ хоолны жор л доо. Манай найзын эхнэр нь саяхан нутаг буцаад эндэх тэндэхийн ямар ялгаатайг ярьсан даа. Манай монголын махыг үнэхээр гүйцэх амттай мах алга байна гэж хэлсэн дээ. Ус, мах хоёр нь үнэхээр ярих юм алга байна гэж байна даа. Бараг мах иддэггүй хүн хэлж байхад мэтгэлзээд байх юм алга. Би бас усны хувьд эргэлзээд байсан тань. Үсээ угаахад манай крантны ус торго шиг байна гэж байна даа. Одоо тэгээд булгын ус яах болж байна вэ? Гар хальтариад үсэндээ юу ч зүүх шаардлагагүй болох нээ.
За үг олдож үхэр холдлоо. Олон долоон яриагаар бусдыг чилээхээ болъё. Баяраар хонины гуя шарахгүй ч гэсэн буузаа хийж идэх нь баараггүй. Тиймээс хүний газар бид тань тийм сайхан амттай монгол махтайгаа яаж ойртуулж идэх вэ гэхээр дараах зүйлийг туршаарай.

Буузандаа гоньд (caraway seed), нунтаг цагаан гаа (ginger), мөөг (Уг нь нутгаас авахуулбал уутласаныг аптект зардаг юм билээ. Амт нь ёстой тасархай даа) тэгээд хамгийн гол борцны өөх, өөхгүй борц бол борцноосоо хийхэд монгол амт маань гараад ирж байгаа юм даа. Туршаад үзээрэй.

A man without love - Patrizio Buanne

Another one

L' italiano - Patrizio Buanne

Toto Kutuno duulsnaar ni bid tanil bolson ene duug ene bas l duulchihsan daa.

Patrizio Buanne - Il Mondo

Suuliin ued ene Itali zaluud durlaad baigaa yum. End irej toglohod ni uzej amjaagui dahid irehiig ni huleegeed baij baina daa.

Би эхийн хэвлийд байхдаа эрэгтэй байжээ.

Би эмэгтэй гэхдээ эхийн хэвлийд байхдаа эрэгтэй байсан юм гэсэн.
Блогын андынхаа comment-ийг уншиж байгаад Туулаа чи эрэгтэй юу танилцъя гэснийг уншиад инээд хүрээд нэг тийм өөрт тохиолдсон хөгтэй явдал санагдлаа. Бас их сонин ч түүх. Би айлын бага, бас ганц охин л доо. Бага байхад ээж маань ингэж ярьдаг байлаа. Би уул нь ээжийнхээ хэвлийд байхдаа эрэгтэй байсан юм гэнээ. Тэгээд миний хүйс солигдоод эмэгтэй болсон гэж ээж маань ярьдаг юм. Ээж маань хэлэхдээ яг би мэдсэн яг солигдсон гэж билээ. Тэрхүү яриаг нэг ширээнд суудаг ангийн хүү маань сонсчихоод намайг хичээл дээр шоолдог байж билээ. Их шооч хүү байсан юм. Бас намайг анх үнссэн хүү байгаа юм даа. Мань хүүгийн эмээ, манай ээж нар найзууд бөгөөд мөн нагац эгч, ах нартаа нь би багадаа тоглож өссөн. Заримдаа бараг тэднийд өнждөг байж билээ. Нэг удаа бид нар тоглож байгаад мань хүү болон нагац эгч, дүүтэй хамт манай гэрийн тийшээ авч явах болоод авга ахаас нь зөвшөөрөл авахын тулд бүгдээрээ баахан гэр цэвэрлэн, дээр нь бүгдээрээ нэг нэг дуу дуулах юм болов оо.
Тэгсэн чинь ах нь мань хүүгийн чихэнд нэг зүйл шивнээд мань хүү ч түдгэлзээд байх шиг байлаа. Бид нар ч анзаарсангүй авах ёстой найз охиноо зөвшөөрүүлсэн болохоор явах гэж байлаа гэтэл мань хүү миний хацар дээр үнсчихдэг байгаа. Ямар их ичиж билээ. Ойролцоороо 6-7 настай л байсан байх даа. Ингэж анх удаа нэг хүүд үнсүүлж билээ. Дараа нь сургуульд нэг ангид бүр нэг ширээнд хамт суудаг байсан. Тэгээд бие биендээ их дургүй болсон доо. Мань хүү маань их шартай, бас намайг их шоолдог байж билээ. Биенийгээ багаасаа дэндүү их мэддэг байсан. Мань хүү хичээлээ тараад гэрлүүгээ гүйчихнэ. Тэгээд заавал манай гэрийн хажуугаар гарна. Бараг манай ахад цаг бүртгүүлээд, би яахав дээ замаараа дэлгүүр хэснэ, заримдаа рeзин юмуу дээс тоглоно. Эсвэл нэгнийхээрээ орно. саатна, ингэж тэгсээр байгаад сая л тарлаа гээд гэртээ ирнэ. Тэгээд л худлаа ярьсан хэрэгт ороод, замаараа дэмий тэнэсэн гээд л загнуулна. Танай ангийн тэр чинь аль хэдийн ирсэн гээд л авна даа. Би тэгэхэд түүнд ямар их дургүй хүрдэг байж билээ. Удалгүй 3-р ангид байхад мань хүү ч шилжиж, би амарсан даа. Мань хүүгийн гэрийнхэн бид хоёрыг их холбож шоолдог том болoхоор нь суулгана гэдэг байсан. Тэгээд ч тэр хааяадаа эмээгийндээ ирээд таарахаар маш их ичдэг байж билээ. Саяхан эмээ нь манайд байж таараад утсаар ярьсан тань та 2 суучихааж гэж билээ. Манай хөгшчүүл бас их дураараа шүү.

За ярьж байсан сэдвээсээ хадуурчихлаа. Ингэхэд 2 жирэмсэн хүн хоорондоо гар баривал хүйс нь солигддог гээд тэр нээрээ үнэн гэхэд их хэцүү юмаа. Ялангуяа хүний биеийн анатоми физиологи заалгачихаад итгээд байвал бас инээдтэй л юм.
Гэхдээ ямартаа ч болов эмэгтэй болж төрсөндөө, бүр дээр нь Туул болж төрсөндөө маш сэтгэл хангалуун байдаг даа.

Way Back Into Love - Music and Lyrics

Hongohon, dajgui kino shuu. Bas goyo duu.

Wednesday, December 12, 2007

Хонины шарсан гуяа



Шинэ жил ойртож байна, найз нөхөдөө дайлах эсвэл гэр бүлээрээ цугларан нийллэг хийдэг үе маань ирлээ. Тэгээд саяхан хийсэн хоолныхоо жорыг бичихээс өмнө оршил бичье.

Сүүлийн үед миний блог хоолоор дүүрээд эхэлж байх шиг байна даа. Мөөгий анд маань магтаалын үг хэлэхээр нь урам ороод бичээд байнаа даа. Уг нь өөрөө туршаад аминдаа хялбар аргаар хийх хоолны жор оруулж байгаа санаатай юм. Хэдэн долоо хоногын өмнө Жүэл Оско-д хүнс цуглуулж яваад 1 паунд нь $1.99 гэсэн хямдхан хонины гуятай тааралдаад түүнийгээ шараад найз ах, эгч хоёроо дайллаа. Бид шарсан гуяа гаргаад идэж байхдаа ийнхүү хууч хөөрлөө. "Үгүй мөн ч их мах байна даа. Бид бас галзуурч байна шүү. Хэзээ байтлаа хонины шарсан гуя бүтнээр нь ингээд идээд байж байлаа даа. Хойшоо урагшаа явсан хүмүүс л ганзаглагаандаа авч явдаг байснаас ингээд хэдэн өдрийн хоолыг нэг удаа шараад идчихдэг. Бас л махчин байнаа хэмээн идлээ дээ." Дандаа ч шарна гэж байх шүү дээ. Ёстой л хувьсгалын тохироо бүрдсэн юм аа. Ингээд шинэ жилийн баярын ширээний хоолны жорыг орууллаа.

1 бүтэн хонины гуя
(ногооны хувьд өөрсдөө мэдээд, баримжаагаар)
улаан төмс 1/2 паунд
лууван -25 ш
сувдан сонгино (pearl onions) гэдэг дээ 1 уут (том сонгино хуваагаад хийж болно)
1 багц сармис (хэр дуртайгаасаа хамаарч)
перец
давс
бууцай (celery)
улаан вино (хугас шил), бас rosemary & sage (орчуулахаар "зэрлэг" гэж байна лээ) хийж болно

Хонины гуя сайтар угаагаад. Давс перец эргэн тойрон цацна. Шарах өндөр савандаа бага зэрэг чидун жимсний тос хийгээд халахаар нь амны халбага элсэн чихэр хийн (хийхгүй ч байсан болно) халаад ирэхээр нь гуяа хийгээд гадна талыг нь эргүүлж тойруулан борлуулна. Одоо угааж цэвэрлэсэн ногоонуудаа (Сармисаа арилгах шаардлагагүй, сайтар угаан голоор нь хөндлөн хуваана, мөн ногоонуудаа томоор нь хийвэл зүгээр.) дээрээс нь хийн хутгаад хэрэв вино хийвэл одоо дээрээс нь хийгээд спиртийг нь ууршуулж жаахан гаргаад бага зэрэг ус хийн гуяныхаа тал хүртэл 2 стакан байхад болно. Мөнгөн цаасаар (aluminium foil) битүүлэн 375 F шарах шүүгээнд битүүлсэн гуяа хийгээд мартана. 2-3 цагын дараа шалгаж үзэн. Дахиад байлгах шаардлагатай бол 30 минут болгоод. Хонины гуяа гаргасны дараа бүтээгээд 5-10 минут байлгасны дараа идвэл зүгээр. Хачираар будаа эсвэл couscous (болгоход маш амархан, миний хамгийн дуртай хачир,шар будаархуу)
Bon Appetit !

Monday, December 10, 2007

Саваагүй зангийн эрхээр Ирланд коффее амталсан минь...


"Саваагүй нохой саранд хуцна
Сарьсан багваахай наранд хатна." гэж даан ч үнэн үг юм даа. Би өнөөдөр гарч дэлгүүр орч хүнс авах замдаа. Хажуугаар нь дандаа өнгөрдөг Ирланд пивоны газар бас хоолтой юм билээ. Ирланд үндэстний хоол болох Рүбэн хэмээх хар гоньдтой талх, эрдэнэ шишэнд амталж дарсан үхрийн махтай, давсалсан байцаа, швецарь бяслагийг хайлуулсан хачиртай талханд дуртай болохоор идмээр санагдаад бас ямаршуу юм бол гэж туршаад орлоо. Зөөгч бүсгүй "Хаана суух вэ?" гэхээр нь "Хаалгатай ойрхон энд сууя." гэж наргиа болгоод барны хажууд суулаа. "Юу уух вэ?" гэж асуухаар нь "Үгүй, баярлалаа." гэчихээд меню асуунгаа Рүбэн сандвич байгаа эсэхийг асуулаа. Тэдний Рүбен сандвич гайхалтай гэлээ. Меню авч харангаа за байз 9 доллар гэснээ бас хагасаар байгаа эсэхийг лавлаад үгүй гэхээр нь за за энийгээ авъя гэж бодон, өөр халуун уух юм асуулаа. "Коффее, цай" гэлээ тэгэхээр нь "Ирланд коффее байгаа юу?" гэсэн тань тийм гэлээ. Тэгээд надаас барман нь сүүн хөөс авах уу гэхээр нь үгүй гэчихээд. Телевиз харж байсан болохоор барман коффеенд юу хийж өгсөнийг анзаарсангүй. Тэгээд л өндөр коффеены аяганд хийсэн коффеегоо уусан тань хачин архи амтагдаад эрхээр нь "Юу вэ энэ чинь?" гэснээ "Архитай юм уу? гэсэн тань "Тийм, вискитэй." гэж байна. "Юу гэнээ?" гэснээ. Би өмнө нь Ирланд коффее ууж үзээгүй болохоор туршиж үзсэн юм ийм юм байдаг юм уу за мэдэж авлаа гэснээ. Нэг юм сурлаа, нэг юм мэдлээ гээд, тэгээд "Ямар виски хийдэг юм бэ?" гэж асуунгаа сүү авъя гэлээ. Барман яахав дээ инээснээ "Ирланд виски." гэж билээ. Гэхдээ ямар ч виски болноо гэлээ. Тэгээд намайг дуусахаар нь "Дахиад уух уу?" гэхээр "Үгүй ээ" гэж билээ. Уусны дараа хамаг хөлс чийхараад ядаргаа гаргаж байх шиг байсан шүү. Хааяадаа ялангуя өвлийн хүйтэн өдөр бас ганц аяга зүгээр юм билээ.

Ирланд коффее

50 граммаас бага зэрэг виски
1 цайны халба элсэн чихэр
180 грамм халуун коффее
хөөс (эсвэл сүү)
Виски, элсэн чихэр, коффее сайтар хутгаад. Хөөсөө дээр нь хөвүүлэн уунаа.

Saturday, December 8, 2007

Ээжээсээ илүү хийцтэй цай хийдэг гээд дахиад онгирчихлоо

Монголоороо бичээд сайхан байна шүү. Уйгаржингаар бичвэл бүр гоё байхдаа. Ганаадаа болон Хар-Адуутад кириллээр бичих боломж олгосонд баярлалаа. Үг үсгээ хайхгүй ямар амар гэж сананаа.

Үйлчлүүлэгчидээ шаралхаад өөрийгөө баахан магтсан юм шигээ. " Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн" гэж нэг үг байдагдаа. Эргээд харсан тань арай дэндүүлсэн байна. " Усыг нь уувал, Ёсыг нь дага." гэдэг шиг энд байдаг хүмүүсийг дагаад "I know, I can do that" гэдэг болсон юм шигээ. Эрдэнэчимэг багшидаа юу ч мэдэхгүй юу ч чадахгүй байж битгий онгир чи гэж загнуулах байсан байхдаа. Үнэхээр "Culture Shock" гэж байдаг юм байна. Энд байгаа хүмүүсийг анх "I know, I can" гэдэг байхад ямар аймаар онгироо юм бэ гэж боддог байж билээ. Бид тань угаасаа л даруу болохоор их бодож л за би оролдъё, үзье гэдэг биз дээ.
Ингэж биччихээд бас найз нарынхаа comments уншиад дахиад онгирчъё.
Би нээрээ хачин гоё амттай хийцтэй цай хийдэг жор бичье. Ээжийнхээ хийцтэй цайг бут цохисондоо. Давхар цайгаа хийцлэх.
Цайныхаа идээг эхлээд шар тос гуриландаа хуурч хийцэлнэ. Дараа нь шаараа шүүгээд дахиад хийцлэхдээ сүүгээ хийцлэнэ. Тэгээд цайгаа дээрээс нь хийнэ дээ. Идээгээ хийцлэхээр үнэхээр өөр байдаг юмаа. Туршаад үзээрэй.

Хэрвээ давхар хийцлэхгүй бол эхлээд цайныхаа идээг хийцлээд дараа нь шууд сүүгээ хийгээрэй. Сүүгээ хийхдээ бага зэргийг тасалж аваад, дараа нь усаа хийхээсээ өмнө усан дээрээ хийнэ биз. Сүүн дээр ус хийдэггүй гэдэг учрааас би тэгдэг юм. Аминдаа л цагаан болгож байгаа юм. Бүгдээрээ хийцлэгдээд амттай сайхан цай болдогдоо.

Thursday, December 6, 2007

Yes, I did it. It's Tilapia that saved me.



Үйлчлүүлэгчийнхээ учрыг олсон шүү. Хөгшин хүн болохоор давс багатай , зөөлөн хоол зүгээр гэж бодсон тань. Харин эсрэгээр рестораны соус ихтэй, давс чангатай, гашуундаа хоол иддэг нөхөр байна лээ. Энэ yдаа харин ёстой нэг түлхүүлсэнгүй. Одоо гайгүй байхаа. Ийм цагаан загас ресторанд иддэг гэж хэлсэн нь магтаал гэж бодлоо. Би хачир болгож нухсан төмстэй өгсөн. Мөд бантан идье гэдэг болгоноо. Жорийг доор бичлээ.

Тилапиа (TILAPIA) хэмээx энэ загас нягтрал сайтай цагаан загас юм. Энд дэлгүүрүүдэд нилээд элбэг 1 паунд нь ойролтцоогоор 4 доллар 2-3 загас ирнэ. Маш хялбар, бас хурдан, ер нь долоо хоногт нэг удаа загас идэж байх хэрэгтэй гэж энд тэндхийн ном сэтгүүлд бичсэн байдаг даа. Бас шөл хийсэн ч их дажгүй загас шүү.

1 паунд Тилапиа (TILAPIA) (2ш загас)
1-2 ш улаан лооль
бага зэрэг масло
1 ногоон сонгино
1ш сармис
1/2 лемон
Эхлээд загасаа хүйтэн усаар сайтар угааж, усыг нь цаасанд шингээж аваад, давс болон хар перец 2 талд нь цац. Ногоон сонгино, сармисаа, улаан лоолио хэрчээд. Масло (Don't burn the butter.) хайлуулаад, нилээд халаад ирэхээр нь хэрчсэн сонгиныхоо хагас болон сармисаа хийж хутгана. Загасаа хийн шаргалтаад ирэхээр эргүүлэн, улаан лооль болон үлдсэн ногоон сонгиноо хийгээд мөн дээрээс нь лемоноо хийнэ. Лемоноо хийхээсээ өмнө 1- 2 хэрчим зүсэм аван хажуу талаас нь зүсээд сүүлд тавгаа чимэглэнэ. Лемоноо сэрээгээр хатган базан шүүсийг ни загасан дээгүүрээ шахна.
Хачирт нь будаа эсвэл нухсан төмстэй идэхэд зүгээр. (2 хүний порц)

Tuesday, December 4, 2007

Яанаа Маргааш Ямар Хоол Хийнээ?



Тогооч ээжийн хүчинд амттай, чамин хоол идэж. Улмаар саваагүй сониуч зангийн эрхээр гэрт буй янз бүрийн хоол амтлагчийг туршин, хольж идэж сурсныыг хэлэх үү. Үе үе ээжийн ажил дээр очин сүү авах далимаар чамин, хачин, гоё амттай Унгар хоолыг өөр зүс царайтай, инээд алдсан, өндөр том хамартай тогоочидын гараа гаргаж хийсэн олон хоолыг амтлан өссөн бага насны дэврүүн хүслээр хааяадаа ээжийг зовоон яг л тиймийг иднэ хэмээн, тэр хоолыг яаж хийдэг талаар асууж байцаан шалж, хийж өгөхийн шаардан байсан тэр үеэс хоол хийж сурах үндэс сyypь маань тавигдсан билээ.
Түүнчлэн ээждээ туслан бууз, баншний гурил элдэж, төмс ногоо арилган хоол хийж сурсныхаа хүчинд үеийн найзуудын дунд гоё хоол хийдэгээрээ гайхагдаж бараг л мастер тогооч гэж хэлэгдэн энд од боллоо. Хоол хийж сурсныхаа ачаар их олон зүйлээс аврагдсан гэхэд хилсдэхгүй бизээ. ( Бас англиар халит, мулит тарлантуулдаг маань их нэмэр болсон доо. Ээж аавдаа л их баярладаг даа.) Муухан хэлэх буюу зөөлрүүлж хэлвэл баалсан зарим нэг нь чи хужаагийн эрлийз үү гэж хүртэл асуудаг байлаа. Хоол гайгүй хийдэг чадвараасаа болоод заримдаа ойр орчимынхоо гэр бүлийг хальт ам мурийлгах явдал хүртэл байдаг байв. Нөхөр нь эхнэрээ "Чи одоо ингээд хоол хийгээч, заалгаад ав, сур." гэж хэлэн эхнэрээ уурлуулах явдал хүртэл гардаг байв. Гэхдээ миний ээж " -Энэ хоолыг ингээд хий." гэж зааж өгөөгүй ч хажуудаа байлган, үйл хөдлөлөөөрөө зөвлөж байсан юм. Ээжээрээ баншыг яаж хурдан, гоё чимхэхийг заалган улмаар том болсон хойноо сайн бэрийг банш хэрхэн чимхдэгээр нь мэдэж болно гэж танидаг эгчийн шалгалтанд орж , "Гайгүй чимхдэг."гэж магтуулан, гайгүй бэр болох юм байна гэж бас онгирч л явлаа.

Oнөөдөрийг хүртэл дандаа л амттай, сайхан хоол хийдгээрээ магтуулдаг байлаа. Тэгээд саяхан нэг ажилд орлоо. Хамгийн чухал нь оройн хоол хийж өгөх ажил тул ядах юмгүй гэж бодож байлаа. Гайгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд гайгүй хоолнууд хийгээд долоо хонож байнаа. Гэтэл нэг ч магтаалын үг сонссонгүй. Xарин ч бүр хийсэн хоолоо анх удаа муулуулан түлхүүллээ дээ. Одоо яанаа маргааш ямар хоол өгнөө гэж унтаад, өнөөдөр юу хийж өгнөө гэж босдог боллоо доо. Бас л түлхүүлнэ гэхээс яс хавталздаг боллоо.

Saturday, December 1, 2007

Омар Хайям

Дүрсийн оншлолч, судасны мэс засалч эмч М. Шагдарсүрэнгийн орчуулга “Омар Хайям “Ялдамхан дүр чинь Ямархан үзэсгэлэнтэй ”” номноос.

Омар Хайям Персд (одоогийн Иран) мэндэлжээ. Дэлхийд рубай буюу дөрвөн мөрт шүлгүүдээрээ яруу найрагч гэж алдрашсан гүн ухаантан эрдэмтэн байсан гэж оршил дээр өгүүлсэн байна.

*********
Дарс балгахгүй гэж шүлэгч амлах ёсгүй
Дараа нь уучихвал биеэ зөвтгөх ёсгүй
Сарнай дэлбээлэн гургалдай жиргэдэгээс хойш
Сахил санваараа тэвчинэ гэж амлаж болох уу даа?

Амьдрал дэгээнээс мултарч, ул мөргүй өнгөрлөө
Архинд согтсон шөнө шиг, хав харанхуй өнгөрлөө
Арван хурууны салаагаар элс гоожихтой адил
Амьдрал гэдэг ертөнцийн хором шиг шувтарлаа

Заяасан амьдрал зайлшгүй үхлээс минь
Замбуулин баян ч болоогүй ядуу ч болохгүй
Хорвоод ахиад жаахан яван саатъя даа
Хорвоог таниж амжилгүй тэгсхийгээд нүд анъя даа

Хэрвээ би нүгэл үйлдсэн бол – дуртайдаа үйлдээгүй
Хорвоогийн замыг туулсан бол – дуртайдаа туулаагүй
Би хаана хэн байв? Бурханын шийдсэн бүхнийг
Би ёсчлон дагаж, би дуртайдаа амьд яваагүй ээ

Дэндүү сайн хүнд өгөх дээд шагнал гэж алга
Дэндүү сайны төлөө би дэлүүгээ ярсан ч багадана
Тамын зовлон гэж юу байдгийг мэдэх үү ?
Тамтаггүй хүмүүсийн дунд амьдрах л ёстой там шүү

************

Би төрөхөөс гарахдаа дээгүүр ниссэн юм болов уу? Доогуур давхисан юм болов уу?



Миний дотны найз хүүхэн маань жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа билээ. Тэгээд би нялх хүүхдийн машинд тавидаг суудал авч өгнө гэж амласан болохоор нэн даруй авч өгөх хэрэгтэй болж байлаа. Найз маань сая эмчидээ очиж үзүүлсэн тань савны амсар нь 1 см онгойсон байна гэсэн учир ер нь нохойн дуу ойртож байна гэсэн үг... Амласан ёсоор хамгийн түрүүнд хэрэгтэй энэ зүйлийг би авч бэлдэхгүй бол тэр "машинд тавидаг суудалгүйгээр" хүүхдийг эмнэлэгээс гаргадаггуй гэсэн нарийн чухал учир шалтгаан буй тул нэн даруй авах хэрэгтэй зүйлийн нэг тэр байлаа.
Тиймээс энэ өглөө найз хүүхэнтэйгээ хамт хүүхдийн дэлгүүрт орж худалдаа хийлээ дээ. Ямар ч олон төрлийн..., яасан ч олон янзийн ... ? мэдэхгүй зүйл их байдаг юм. Найз маань хүүтэй болж байгаа болохоор бор шаргалдуу өнгөтэйгээс нь авлаа даа. Найзтайгаа хамт тэрүүгээр энүүгээр юм харж явж байх зуураа ингэж хууч хөөрч явлаа.
- Ингэхэд биднийг төрөхөөс гарахад ээж, аав маань яаж гаргаж авч байсан юм болдоо гэсэн яриа дэлгэлээ.
-Үгүй одоо өлгий хийгээд л таксигаар ирдэг байсан байхдаа. Арай автобусаар ирдэг байсан юм болов уу? Таньдаг машинтай энэ тэр хүнийг гуйдаг байсан байхдаа. Одоо тэгээд автобусаар гарах нэг нь гардаг л байсан даа гэсэн яриа өрнөлөө.
Найз хүүхнийхээ нөхрийг чи ч яах вэ өвөөгийнхөө улаан номертой хар машинаар гарсан байх хэмээн цаашлуулан.
Өөрийнхөө тухай бодож байлаа. Манайх чинь одоо Био-д байдаг юм чинь арай автобус тэгээд цаашаа чиглэлийн такси гээд дамждаг байсан юм биш байхаа. Аавын найз таксины жолооч нахиу хэмээх Далхаа гуай гаргаж авсан юм болов уу эсвэл нагац эгчийн нөхөр жолооч хүргэн ах маань авсан юм болов уу. Далхаа гэснээс намайг бага байхад намхан хамартай юм болохоор нь чиний аав, чамтай адилхан хамаргүй, чи Далхаагийн хүүхэд, чамайг өгч явуулна гэж уурлуулдаг байж байлаа.

Ингээд ургуулан бодож байтал багын найзын нэг яриа санаанд орж билээ.
Найз охин маань дээрээ долоон ахтай хамгийн бага айлын ганц охин. Гэрийнхэн нь охинтой, эмэгтэй дүүтэй болсон доо баярлаад мань охиныг гаргах гээд эмнэлэг дээр очихдоо өлгийгөө мартсан учир ахийнхаа польтонд ороогдож эмнэлэгээс гарч ирж байсан тухай санаанд дорж билээ. Дараа нь аав нь нэрийг нь өгөөд төрсөний гэрчилгээ авах үедээ мартаад өөр нэр өгсөн гэдэг билээ. Гэхдээ миний найз энэ нэрэндээ илүү дуртай. Би бас Алтантуул гэж нэрлэгдэх гэж байгаад Туул болсон гэдэг. Би энэ тухай бага байхдаа сонсоод нэг хэсэг өөрийгөө шинэ, хуучин нэртэй гэж танилцуулдаг байж билээ. Гэхдээ бас л 2 нэртэй дээ улаан нялзрай байхдаа авсан Улаанаа гэдэг нэртэй. Авга ахын Улаанаагаас ялгах гээд дээр нь нэг чимэг нэмээд Том Улаанаа гэж нэрлэгддэг болсон. Одоо зарим ни дуудаж л байдаг даа. Ер нь Улаанаа нэр маань сургуульд орсноос хойш гээгдсэн дээ.

Ингээд бодохоор асуувал янз бүрийн түүх байх юм даа. Нээрээ ээжээсээ асууя байз. Ингэхэд намайг төрөхөд ээж, аав маань хэрхэн гаргасан юм бол?