Saturday, January 12, 2008


Би газар шороондоо хайртай
Ш. Дулмаа
Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж
Талын тогоруу нуурын ангир үргээж
Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо
Газар шороондоо би хайртай

Tолгодын энгэрээр хургаа хариулж явахдаа
Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин
Хөрс газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж
Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоороо
Газар шороондоо би хайртай

Ээжий минь амгалан үедээ өрхий нь татаж
Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан
Төрсөн гэрийн минь буурь мөөгөн хүрээ татаж
Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь
Газар шороондоо би хайртай

Аймгийн сургуульд ирчихээд гэрээ санан ганихарч
Ар бэлийн хотлоор хүний бараа ширтэн
Асгарах нулимстай нүдэнд зурайн харагдан байсан
Алтан шаргал замыг одоо болтол санадагтаа
Газар шороондоо би хайртай

Уул толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж
Унасан морины туурай газар хонхойтол цавчилж
Учирахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж
Уудам хээрийин бэлчээрт хайр амталсан болохоороо
Газар шороондоо би хайртай

Харийн дайсан халдахад гал голомтоо өмгөөлж
Халхын сайхан эрчүүл буу мөрлөж мордохдоо
Хатан Туулын усыг рашаан гэж амтлан
Хайрга чулуу шороогий нь алчууртаа боож явсанд нь
Газар шороондоо би хайртай

Арван төө биеийнхээ алжаан ядрахыг мэдэлгүй
Арвин талын уудамд цуурай хадтал дуулж
Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж
Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан болохоороо
Газар шороондоо би хайртай

Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох
Зуун түмэн зул эх газартаа асааж
Тэнхээт биенийхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж
Тэнгэрлэг сайхан орныхоо эзэн нь болж төрсөндөө
Газар шороондоо би хайртай

3 comments:

Barimalch said...

Ene zurgiig ooroo avsan uu? yah argagui Mongol togoruu yum shig. za shulegnii tuhaid neg ih shuleg sonirhdoggui ogt unshisangui.

Anonymous said...

goe shuleg bna..:-)

бж said...

Saihan zurag baina.
Sh.Dulmaa guain shulguud mundag shuu.